2011-02-22
Эцэг эхэд өгөх зөвлөгөө
Хүүхдийг эмх цэгцэд сургах зарим арга
•    Хамтарч хийх: Хэрэв эцэг эх эмхэлж цэгцлэх ажлыг өөрсдөө эхэлж хийж байвал хүүхэд дагаж хийх нь ажиглагддаг. Ийм учраас хүүхдийг бага байхаас нь юм хурааж янзлахад бага ч болов оролцуулж байвал тустай. Жишээлбэл, хооллосны дараа аяга, таваг хураах, тоглоом хэрэгсэл, ороо хураах гэх мэт. Тэр ажлыг яаж хийхийг хүүхдэд тодорхой харуулж байх хэрэгтэй. Мөн зарим ажлыг хүүхдэд сайн дураараа хийхэд нь зориулан орхиж байвал зүгээр. Жишээлбэл, харандаануудаа саванд хийж тавих, диван дээрх дэрнүүдийг байрлуулах гэх мэт. 5 наснаас эхлэн хүүхэд ойр зуурын ажил үйлийг бие даан гүйцэтгэж эхэлнэ.
•    Юу хийхээ тогтох: Хүүхдүүдийн нэг нь хувцас, нөгөө нь ном, тоглоомоо эмхэлж янзлах гэх мэтээр ажил үүргийн хуваарьтай байж болох юм. Энэ ажил үүргээ тодорхой хугацааны дараа сольж гүйцэтгэнэ. Гэр/өрөөгөө эмхэлж цэгцлэх, цэвэрлэх ажлыг хамтаараа, эсвэл ээлжлэн хийж болно. Хэрэв айлын ганц хүүхэд бол өөрийн өрөө/булан, хэрэглэдэг зүйлээ эмхэлж цэгцлэх хариуцлага хүлээж болох юм.
•    Онцгой тохиолдол: Угсарч эвлүүлэх тоглоомоор багагүй цаг хугацаа зарцуулан байгуулсан роботыг хэсэг хугацаанд салгаж хураахгүй байж болох уу? Ихээхэн бодож, сэтгэж хийсэн иймэрхүү зүйлийг хэдэн хоног буулгахгүй, хураахгүй байж болох юм. Хүүхэд түүнээс уйдах үедээ шаардуулахгүйгээр өөрөө буулгах буюу задалж өөр зүйл хийнэ.  
•    Цаг хугацаа олгох: Хүүхэд тоглоомдоо гүнзгий орсон тохиолдолд тоглоомоо дуусгахад цаг хугацаа зарцуулна. Хүүхэд сайхан тоглож байхад тоглоомоо даруй дуусгаж юмаа эмхэлж цэгцлэхийг шаардах хэрэггүй. Тэдэнд цаг хугацаа олговол зүгээр. Хүүхдийн нас бага байх тутам тоглоомоо хураахад тэртэй тэргүй их цаг хугацаа зарцуулна. Тэд хаана, юу орохыг бодно. Иймд эцэг эх, багш нар хүүхдийн энэ байдлыг ойлгож харилцах хэрэгтэй.
•    Тоглоомын тавиур, сав ашиглах: Зориулалтын задгай тавиур, сав байхад тоглоом, эд юмс хурааж эмхлэхэд амархан. Тавиур дээр зураг наах юмуу эсвэл өнгөөр ялгаж тэмдэглэгээ хийнэ. Жишээлбэл, шар өнгөтэй тавиурт өрж байгуулах тоглоом, хөх тавиур бол номынх, сагсанд зөөлөн тоглоом хийнэ гэх мэт. Тэрхүү тавиур  хүүхдийн өндөрт таарсан, өөрөө юмаа хураачих боломжтой байна. Ер нь хүүхдийн хувцасны өлгүүр, нүүр гарын алчуурын өлгүүр зэрэг тэдэнтэй холбогдох зүйлс өндөрт нь тохирсон байвал тэд хувцас, эд зүйлсээ өөрсдөө авч хэрэглэх, хурааж сурахад тустай.
•    Магтах: Хүүхэд тань гэр/өрөөгөө эмхэлж янзалсан, эмх цэгцтэй байлгасан тохиолдолд магтаж урамшуулах. Жишээлбэл, “Ямар гоё харагдаж байна аа”, “Чи ч хаана юу байдгийг мундаг мэддэг юм байна аа”.
•    Гэр бүлийн олзны сав: Гэртээ аль нэг газар таглаатай хайрцаг эсвэл сагс тавина. Гэр бүлийн гишүүд энд тэнд хэвтсэн зүйлсийг тэр сав руу авч хийнэ. Түүнийг долоо хоногтоо нэг удаа суллаж, эзэд нь юмаа олж авна. Тэдгээрийн зарим нь хэн нэгний их хэрэгцээтэй, хайгаад олохгүй байсан зүйл нь ч байж мэднэ.
Бичсэн: UGI | цаг: 11:15 | Эцэг эхчүүдэд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax